АТГ-аас энэ сард “Монгол Улсын Сангийн сайдаар ажиллаж байсан С.Баярцогтын болон нэр бүхий хүмүүсийн Швейцарийн банкинд байршуулсан 1.836.851 евро, 161.393 ам.долларын хөрөнгийг 2016 оны арваннэгдүгээр сарын 9-ний өдөр Швейцарьт битүүмжилжээ. Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс нь С.Баярцогтын 9.2 сая ам.доллартай холбогдох эрүүгийн хэргийг Швейцарь улсын холбооны прокурорын газартай хамтран мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Хэргийг прокурорын хяналтан дор шалгаж байна” хэмээн албан ёсны байр сууриа илэрхийлсэн. Харин энэ талаар С.Баярцогт “Би “Ройтерс”-ийн мэдээг уншсан. Маш их субьектив мэдээлэлтэй байсан. Тэнд бичигдсэн хоёр тоо үнэн байна. Би энэ зүйлийг ялгаж, салгаж ярих хэрэгтэй байна. 2006 онд намайг таягтай явж байхыг олон хүн харсан байх. Би хөлөө хугалаад, зургаан сар орчим хэвтэрт байсан. 1996 онд би Германд сургууль төгсөөд ирэхдээ 20 мянган дойч маркийн төсөлтэй ирж байсан анхны Монгол оюутан. Дараа нь 2001 онд би Колумбийн их сургуульд сурахдаа 70 мянга гаруй долларын тэтгэлэг авсан. Ингээд өөрийн хийж байсан бизнесээ найзуудтайгаа нийлээд, дээрээс нь Монголын нэртэй бизнесмэнээс зээл аваад 8.2 сая еврог Швейцарт нээлгэсэн байсан дансандаа хийлгэсэн. Тэрний нэг данс нь офшортой холбоотой. Харамсалтай нь 2008 онд хямрал болсон учраас зээл өгсөн бизнесмэн зээлээ бүгдийг эргүүлж авсан. Үлдэгдэл мөнгө нь 2013 онд компани хаагдах үед бүгд дууссан. Одоо надад Швейцарьт ямар нэгэн данс байхгүй. Тэр царцаагдсан гэж буй данс бол харамсалтай нь 10 жилийн өмнө надад тус болж өөрийнхөө данснаас миний мөнгийг шилжүүлж өгч байсан Монгол бизнесмэний данс байна. Тийм учраас одоо үүссэн энэ хэргийг эцэслэсний дараа тэр хүний мөнгийг гаргаж өгөх байх. Ийм л зүйл болсон” гэсэн юм. Тэр өмнө нь “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцох үеэрээ хамтран бизнес хийж байсан гэх найзуудынхаа нэрийг хэлэхээс татгалзсан. Харин саяхны хэвлэлийн хурлаараа 1836851 евро буюу 161393 ам.долларын эзнийг мөн л хэлсэнгүй. Монгол, Швейцарийн хамтарсан шалгалтын буюу Авлигатай тэмцэх газар, Швейцарийн прокурорын газрын хамтарсан баг эл хэргийг шалгаж дууссаны дараа хүссэн хүсээгүй ил болно гэсэн юм. Гэлээ ч Швейцарийн банкинд байршуулсан 1836851 евро, 161393 ам.долларын хөрөнгөтэй холбоотой С.Баярцогтоос бусад нэр бүхий хүмүүс хэн бэ. Эл дансыг 2016 оны арваннэгдүгээр сарын 9-ний өдөр Швейцарьт битүүмжилснээс хойш жил гаруйн хугацаанд хамтарсан мөрдлөгт ямар ахиц гарсан бэ. Мөн Швейцарийн банкинд тийм их хэмжээний мөнгөө битүүмжлүүлээд чимээгүй байгаа Монголын нэртэй бизнесмэн (хэрвээ байгаа бол) хэн бэ гэсэн асуултууд ургаж байна. Үүнээс гадна битүүмжлэгдсэн данстай холбогдох эрхмүүд цэвэр бизнесмэнүүд байсан ч тухайн үедээ улс төрийн нэр нөлөө, эрх мэдэлтэй байсан С.Баярцогттой нэг “хөнжил”-д орсныг бодоход улс төрийн ашиг сонирхол яв цав нийцсэн байх магадлалтай. Нөгөө талаас нь харвал С.Баярцогтын талаар “Ройтерс”-оор гарсны дараа Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр “Рио Тинто”-гийн хувьцааны үнэ унасан. Тэгэхээр бүүр “цаад эзэн”-ий ашиг сонирхол явж байна гэж тайлбарласан нь ортой юу. Тийм бол хууль хяналтын байгууллага хөрөнгийн бирж дээрх том тоглогчдын утсан хүүхэлдэй болсон уу. Эх сурвалж: