Марк Цукерберг дуулианаас хойш анх удаа ам нээлээ
Огноо: 2018-03-25 17:22:24
-Тэрбээр Facebook-ийн мэдээлэл алдагдсанд уучлалт хүссэн байна-
Facebook сүлжээг үүсгэн байгуулагч Марк Цукерберг CNN сувагт хандаж, олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн мэдээлэл алдагдсантай холбоотой асуудлаар ярилцлага өгчээ. Сүлжээ хэрэглэгчдийн мэдээлэл хууль бус замаар гуравдагч этгээдэд шилжсэн нь ил болсон юм.
“Энэ бол итгэл алдсан айхтар муухай явдал боллоо. Би болсон явдалд уучлалт хүсч байна. Хэрэглэгчдийн мэдээллийг хадгалах хариуцлагыг бид үүрдэг. Гэвч бид үүнд баталгаа өгч чадахгүй байна аа гэдэг нь хүмүүст үйлчилж чадахгүй байна гэсэн үг” хэмээн Цукерберг мэдэгджээ.
Огт хийгээгүйгээс оройтсон нь дээр
Facebook-ийг үүсгэн байгуулагчийн хэлснээр яг одоогийн мөчид тус сүлжээ дахиж ийм зүйл гаргахгүйн тулд боломжтой бүхнийг хийх ёстой гэнэ. Ингэхийн тулд мэдээлэл алдсан Александр Коган мэтийн хөндлөнгийн хүмүүс хэрэглэгчдийн мэдээлэлд бүрэн орох боломжгүй, зөвхөн мэдээллийн хязгаарлагдмал хэсгийг ашигладаг болохыг магадлах хэрэгтэй гэнэ. Үүнээс гадна Facebook-ийн хэрэглэгчдийн мэдээллийг хууль бусаар авдаг “Cambridge Analytica” мэтийн бусад компани зах зээл дээр байгаа эсэхийг тогтоох шаардлагатай гэжээ. “Тиймээс бид мөрдлөг шалгалт хийхээр шийдсэн. Бид Facebook-ийн мэдээлэлд орж болох цэс бүрээ шалгаж, сэжигтэй зүйл илэрсэн тохиолдолд идэвхтэй хяналт шалгалт хийх болно. Бид хүмүүсийн өмнө хариуцлага хүлээнэ” хэмээн Марк Цукерберг дүгнэн хэлсэн байна. Түүнчлэн тэрбээр мэдээлэл алдагдахаас өмнө үүнийг хийгээгүйдээ харамсаж байгаагаа илэрхийллээ.
“Магадгүй, энэ бидний хамгийн том алдаа байх” хэмээн хэлсэн тэрбумтан эр Facebook-ийг үүсгэн байгуулсан цагаасаа хойш маш олон алдаа гаргаж байснаа ярьжээ. “Би ихэнх хүмүүсийн амьдралынхаа туршид хийж барахааргүй олон алдаа гаргаж байсан. Гэхдээ би эдгээр алдаа дутагдлаасаа суралцаж явдаг” хэмээн бизнесмэн мэдэгдсэн байна.
Мэдүүлэг, тайлбар хийхэд бэлэн
АНУ-ын Конгресс, Британийн парламент өмнө нь Facebook-ийг тайлбар хийхийг шаардаж, дуудсан билээ. Цукербергээс тайлбар, мэдүүлэг хийхэд бэлэн үү гэж асуухад тэрбээр “Хэрвээ тэгэх нь зөв юм бол баяртайгаар очно” хэмээсэн байна.
Түүнчлэн тэрбээр Facebook-ийг янз бүрийн асуудлаар Конгрессийн өмнө тогтмол илтгэл тавьдаг хэмээн нэмж өгүүлжээ.
CNN-ий сэтгүүлч Цукербергийг Facebook-ээ төлөөлөн компанийн хүний хувьд үг хэлэх ёстой гэж тэмдэглэхэд бизнесмэн эр конгресст үг хэлэх нь пиар алхам биш хэмээн онцолсон байна. Тэрбээр “Миний үзэж байгаагаар мэдээлэл алдагдсантай холбоотой асуудлаар хамгийн их мэдлэгтэй нь тайлбар тавих ёстой. Хэрвээ тэрхүү хүн нь би бол энэ саналыг баяртайгаар хүлээн авна” хэмээжээ. Харин Facobook төрөөс зохицуулагддаг байх ёстой юу гэсэн асуултад Цукерберг эерэг хариулт өгсөн аж. Тэрбээр илүү ил тод байхын тулд хэвлэл мэдээлэл, телевизээр явуулдаг зар сурталчилгааг зохицуулдаг шиг интернэт дэх зар сурталчилгааг зохицуулбал зохистой хэмээн тэмдэглэсэн байна.
“Хүмүүс хуудсан дээрээ үзэж байгаа нийтлэгдсэн зар сурталчилгааг хэн худалдан авсныг мэдэх ёстой” хэмээн Цукерберг хэлжээ.
Дайн үргэлжилж байна
Үүнээс гадна өдгөө хэн нь тодорхойгүй гэмт этгээдүүд Facebook-ийг 2018 оны арваннэгдүгээр сард болох Америкийн сонгуульд нөлөөлөх боломж болгон ашиглах гэж оролдож байгааг ч Цукерберг нуусангүй.
“Энэ бол оросуудын 2016 онд хийсний хоёр дахь хувилбар нь гэдэгт итгэлтэй байна. Тэдэнд шинэ тактик байж л таарна. Үүнийг нь бид урьдчилж хараад, зөв зохистойгоор эсэргүүцэх шаардлагатай” хэмээн тэрбээр мэдэгдээд энэ ажилд Facebook-ийн 20 мянган ажилтан ажиллаж байгаа гэжээ.
Түүнчлэн тэрбээр Facebook-ийг хуурамч мэдээлэл, сонгуульд нөлөөлөх зэрэгтэй тэмцэхэд хүч гарган ажилласан ч 2016 онд боломжтой бүхнийг хийж чадаагүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. Гэсэн хэдий ч эдгээр асуудалтай амжилттай тэмцэхийн тулд алгоритмээ сайжруулах ажлаа үргэлжлүүлэх болно хэмээжээ.
Марк Цукерберг мөн Facebook-ийг анх гарсан цагаасаа хойш хэрхэн хувьсан өөрчлөгдсөн тухай сонирхолтой яриа өрнүүлсэн байна. “Хэрэв зээ 2004 онд надад “14 жилийн дараа шударга сонгуулийг гадны улсуудын нөлөөллөөс хамгаалах болно оо” гэж хэлсэн бол би лав итгэхгүй байсан” гэжээ.
Тэрбум, тэрбумын алдагдал
Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээс Facebook-ийг тойрсон томоохон дуулиан эхэлсэн юм. Тодруулбал, тус сүлжээний хэрэглэгчдийн хувийн мэдээллийг “Cambridge Analytica” компани хууль бусаар цуглуулж байгаа нь ил болжээ. Эдгээр мэдээллийг АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ашиглаж, сонгогчдын сэтгэл санаанд нөлөөлсөн байж болзошгүй гэсэн мэдээлэл ч цацагдсан байна.
Хэвлэл мэдээллээр цацагдсан энэхүү таагүй мэдэгдэл, түүнчлэн хөрөнгө оруулагчид, Facebook-ийн энгийн хэрэглэгчдийн зүгээс ирэх таагүй хандлагаас болж компанийн хувьцааны ханш 6.8 хувиар унасан байна. Энэ бол 2014 оны гуравдугаар сараас хойших хамгийн том уналт юм. Харин энэ асуудлаас болж Цукерберг өөрийнхөө хөрөнгөнөөс 4.9 тэрбум ам.долларыг алджээ.
|
|
Энэ нийтлэлийн эх сурвалж MorningNews.mn

Мэдээний URL:
http://www.morningnews.mn/modules.php?name=News&file=article&sid=27850
|